December
10
2024
Anu.mn
Мэдээ
Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаа авсан эхний өдрөө ямар шийдвэр гаргахаа мэдэгджээ
Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаа авсан эхний өдрөө ямар шийдвэр гаргахаа мэдэгджээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаа авсан эхний өдрөө ямар шийдвэр гаргахаа мэдэгджээ
Photo: Allison Robbert/Pool via AP

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп 12-р сарын 8-нд телевизэд өгсөн ярилцлагадаа, албан тушаалаа авсныхаа дараа юуг чухалчлахаар төлөвлөж байгаагаа ярьсан бөгөөд нэн тэргүүний зорилтууд нь, гэмт хэрэгт холбогдсон цагаачдыг албадан гаргах, мөн нэгдүгээр сарын 6-ны хэрэгт буруутгагдаж буй хүмүүсийг өршөөх явдал гэж хэлснийг CNN мэдээлжээ.

“Мөрөөдөгчид” буюу хүүхэд байхдаа эх, эцэгтэйгээ АНУ-д ирсэн хүмүүсийг дэмжих тал дээр, Ардчилсан намынхантай хамтран ажиллана

Трамп сонгуулийн өмнө, АНУ-д төрсөн цагаачдын хүүхдүүдийн иргэншлийг хасахаа амлаж байсан хэдий ч, хүүхэд байхдаа АНУ-д ирсэн цагаачид буюу "Мөрөөдөгчдийн" хууль эрх зүйн статусыг хадгалахын тулд, Ардчилсан намынхантай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдээд, “Мөрөөдөгчдийн талаар бид ямар нэг зүйл хийх ёстой, учир нь тэднийг хүүхэд байхад нь энд авчирсан бөгөөд тэдний ихэнх нь одоо дунд насны хүмүүс байдаг. Тэд эх орныхоо хэлээр ч ярьдаггүй. Тийм ээ, бид энэ талаар ямар нэг зүйл хийх ёстой. Би Ардчилсан намынхантай Dreamers-ийн төлөвлөгөөнд хамтран ажиллах болно, гэхдээ Ардчилсан намынхан энэ асуудлыг их хүндрүүлсэн. Бүгд найрамдахчууд эдгээр “мөрөөдөгчдөд” нээлттэй” байна" гэж Трамп NBC-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. (Арванхоёрдугаар сарын 6-нд хийгдсэн энэхүү бичлэг, арванхоёрдугаар сарын 8-нд цацагдсан. Энэ бол Трампын сонгогдсоноос хойшхи анхны ярилцлага юм).

Түүний засаг захиргаа Обамагийн үеийн цагаач хүүхдүүдийг албадан гаргахаас хамгаалсан хөтөлбөрийг зогсоох гэж оролдсоныг 2020 онд Дээд шүүх таслан зогсоосон бөгөөд харинТрамп өмнө нь анхны бүрэн эрхийн хугацаандаа Dreamers-ийг тодорхой хэмжээгээр дэмжиж байсан юм.

Трамп, түүний засаг захиргаанаас явуулах олноор нь албадан гаргах ажиллагаа нь гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийг онилно гэж батлан ​​хэлсэн, гэхдээ энэ нь гэмт хэрэгтнүүдийг албадан гаргах ажиллагаанаас хальж, "бусад гэмт хэрэг үйлдээгүй хүмүүс"-ийг хамруулна гэсэн боловч, чухам хэн үүнд хамрагдахыг тодорхой хэлсэнгүй.

Тус улсад хууль бусаар нэвтэрсэн хүн бүрийг албадан гаргахаар төлөвлөж байгаа эсэхийг нь асуухад, Трамп "Бид үүнийг хийх хэрэгтэй болох байх. Энэ бол маш хэцүү. Тодорхой дүрэм, журам, хууль тогтоомж байдаг. Гэвч, энэ хүмүүс хууль бусаар ирсэн " гэж хариулжээ.

Харин холимог статустай гэр бүлийн асуудлаар Трамп, "Би гэр бүлийг салахыг хүсэхгүй байна, тиймээс тэднийг бүгдийг нь буцааж явуулах нь цорын ганц арга зам" гэж тодорхой хэлсэн бөгөөд тэрээр, 14-р нэмэлт, өөрчлөлтөөр хамгаалагдсан, тус улсад төрсөн иргэний эрхийг хасах кампанит ажлынхаа амлалтаа, “Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаагаар энэ эрхийг хүчингүй болгохыг оролдох боломжтой. Бид үүнийг өөрчлөх хэрэгтэй болно. Манайх л ийм дүрэмтэй улс” хэмээн өмнө нь ч хэлдэг байсан худал мэдэгдлээ давтлаа. (CNN-ийн мэдээлснээр, 30 орчим улс нутаг дэвсгэртээ төрсөн хүмүүст автоматаар иргэншил олгодог.)

Мөрдөн байцаалт, өршөөл

Трамп, Ерөнхийлөгч Жо Байден болон улс төрийн дайснуудынхаа эсрэг хэлмэгдүүлэлт хийхгүй гэж мэдэгдсэн ч,тодорхой хүмүүсийг шийдэх асуудлыг өөрийн томилсон хүмүүст даатгаж байсан. 2021 оны 1-р сарын 6-нд АНУ-ын Капитол руу халдлага үйлдэх үеэр түүний үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааг удирдаж байсан Конгрессын гишүүдийг шоронд хорих нь түүний саналуудын нэг юм. Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний өдрөө, “Үймээнд оролцсон дэмжигчдээ өршөөх талаар бодож үзнэ. Эдгээр хүмүүс гурав, дөрвөн жил бохир, жигшүүрт газар байна” гэж мэдэгджээ.

1-р сарын 6-ны өдрийн халдлагатай холбоотой гэмт хэрэгт 1200 орчим хүн гэм буруугаа хүлээж, гэм буруутайд тооцогдон шүүх хурал дээр ял сонссон. 645 шүүгдэгчид хорих ял оноосон гэж Хууль зүйн яамнаас мэдээлж байв.

Түүний эсрэг саяхан хэрэгсэхгүй болгосон холбооны хоёр хэргийг үүсгэж байсан тусгай прокурор Жэк Смитийг шалгах эсэх талаар асуухад, Трамп, өөрийн ерөнхий прокурорт нэр дэвшсэн Пам Бондиг "хүссэн бүхнээ хийхийг" хүсч байна Тэр маш туршлагатай, би түүнд заавар өгөхгүй гэжээ.

Трамп 1-р сарын 6-ны өдрийн хороог ахалж байсан Конгрессын гишүүдийн талаар ярихдаа, тус хорооны конгрессыг орхисон Бүгд найрамдах намын Чейни, Ардчилсан намын Бенни Томпсон нар "шоронд орох" ёстой.Үүний ард Чени байсан. Бенни Томпсон болон энэ хорооны бүх гишүүд ч мөн адил. Үнэнийг хэлэхэд эдгээр хүмүүс хийсэн хэргийнхээ төлөө шоронд суух ёстой." гэж шууд хэлсэн бөгөөд мөн, “Эдгээр гишүүд эрүүгийн хэргээс өөрсдийгөө хамгаалахын тулд, Байденаас урьдчилан өршөөл хүсэх нь ашигтай байх болно. Байден хүсвэл өршөөл үзүүлж чадна. Магадгүй тэр үүнийг хийх ёстой” гэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт CNN агентлагийн мэдээлснээр, Байдены Цагаан ордны туслахууд, засаг захиргааны албан тушаалтнууд болон Вашингтон дахь нэр хүндтэй хуульчид, Трампын зорилтод өртөж болзошгүй хүмүүст өршөөл үзүүлэх эсвэл хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар хэлэлцэж байгаа аж.

Д.Трампын ярилцлага цацагдсаны дараа 12-р сарын 8-нд хийсэн мэдэгдэлдээ Чейни, “Түүний хууль бус, үндсэн хууль зөрчсөн үйлдлийг шалгасан Конгрессын гишүүдийг шоронд хорих тухай Доналд Трампын санал нь, хууль дээдлэх ёс болон бүгд найрамдах улсуудын үндэс суурь руу дайрч байгаагийн үргэлжлэл юм. " гэсэн бол, тус хороонд ажиллаж байсан төлөөлөгч асан Адам Кинзингер 12-р сарын 8-нд, Трампын засаг захиргаа түүнийг болон бусад хорооны гишүүдийг шалгах гэж байгаад санаа зовохгүй байна гэж мэдэгджээ.

Холбооны мөрдөх товчооны даргад нэр дэвшсэн Бонди болон Каш Пател хоёрт, тэднийг шоронд хорих тушаал өгөх үү гэсэн асуултад Трамп, "Үгүй, огт үгүй. Гэхдээ, тэд энэ боломжийг авч үзэх хэрэгтэй болно гэж би бодож байна." гэж хариулсан байна. Трамп Пателийг Холбооны мөрдөх товчоог удирдуулах санаатай байгаа ч, одоогийн захирал, Трамп томилсон Кристофер Врейдийн 10 жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахад хэдэн жил үлдээд байгаа юм.

Мөн түүнээс, сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "авлигачин", "гэмт хэрэгтэн" гэж удаа дараа дууддаг Байденыг шалгах амлалтаа биелүүлэхээр төлөвлөж байгаа эсэхийг нь асуухад, тэрээр "өнгөрсөн үе рүүгээ буцах бодолгүй байна. Би эх орноо амжилтанд хүргэхийг үнэхээр хүсч байна, тиймээс би өнгөрсөн рүү буцахыг хүсэхгүй байна." гэж хариулсан бөгөөд харин түүнд, Байденыг шалгах тусгай прокурор томилохыг Хууль зүйн яамандаа тушаах болно гэсэн өөр нэг амлалтыг нь сануулахад, Трамп, үүнийг хийхгүй, харин Хууль зүйн яамны өндөр албан тушаалтнуудад өөрсдөө шийдвэр гаргах үүд хаалгыг нээлттэй үлдээнэ гэжээ.

Ярилцлагын туршид, шинээр сонгогдсон ерөнхийлөгч зарим үед улс төрийн өрсөлдөгчдөө илүү аядуу хандаж, өс хонзонгийнхоо оронд улс орноо нэгтгэхийг урьтал болгож байгаа нь харагдаж байсан бөгөөд түүний нээлтийн үгний гол сэдэв нь, эв нэгдлийг бий болгох төлөвлөгөө, мөн түүний засаг захиргаа улс орноо нэгтгэнэ гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ илэрхийлж байв.

"Тариф нь үнэ өсгөхгүй гэдгийг би баталж чадахгүй."

Ярилцлагын үед Трамп, Мексик, Канад, Хятад гэсэн гурван том худалдааны түнш орнуудад нэмэлт татвар ногдуулах төлөвлөгөөгөө тайлбарлав. Тэрээр АНУ эдгээр орнуудад "татаас олгож" байгаа бөгөөд тарифыг нэмэгдүүлэх нь АНУ болон түүний холбоотнуудад илүү шударга эдийн засгийн орчныг бүрдүүлнэ гэж давтан хэлсэн бөгөөд тэрээр, эдийн засагчдын үзэж байгаагаар тариф нь, барааны үнийг өсгөхгүй гэдгийг "баталж чадахгүй" гэж тэр даруй тэмдэглэж байв.

Тэр, “Би юуг ч баталж чадахгүй. Маргаашийг би баталж чадахгүй" гээд, анхны бүрэн эрхийн хугацааных нь үед "Инфляци байгаагүй" мөн түүний нэвтрүүлж байсан тарифууд "америкчуудад ямар ч зардал учруулаагүй" гэж хэлэв. Харамсалтай нь, CNN-ийн шалгаснаар, эдгээр батлан хэлсэн үгс нь хоёулаа худал байгаа ажээ. Мөн тэрээр, Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэллийг солих бодолгүй байна гэсэн байна.

Нийгмийн хамгаалал

Технологийн бизнес эрхлэгч Элон Маск, Вивек Рамасвами тэргүүтэй засгийн газрын зардлыг танах гэсэн оролдлого нь Нийгмийн даатгалын хөтөлбөрүүдийг танахад хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолд Трамп хариулахдаа, Нийгмийн даатгалыг бууруулахгүй, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй. Уг хөтөлбөрийг "илүү үр дүнтэй" болгохыг хичээнэ гэж амлав.

Рамасвами өмнө нь, Засгийн газрын үр дүнтэй байдлын шинэ хэлтсийн ажил нь, нийгмийн халамжийн хөтөлбөрүүд дэх "Үргүй зардал, луйвар, албан тушаал урвуулан ашиглах явдлыг" арилгахад чиглэнэ гэж мэдэгдсэн юм.

Вакцины эсрэг онолыг сурталчилдаг, вакцинд үл итгэгч, вакцины эсрэг үйл ажиллагаагаараа нэрд гарсан бага Роберт Ф.Кеннедиг Эрүүл мэнд, нийгмийн ​​үйлчилгээний депармаментын даргад нэр дэвшүүлэн сонгохдоо, хэрэв вакцин нь хүүхдэд аюултай бол.хүүхдийн вакцинжуулалтыг болиулах талаар Кеннедитэй харилцахад нээлттэй гэдгээ илэрхийлэв. Дараа нь тэрээр, хүүхдүүдийн аутизмын өсөлтөд вакцин нөлөөлсөн гэж батлагдаагүй зүйлийг ашиглан худал хэлжээ

НАТО-оос гарах, мөн Украинд үзүүлэх тусламжийг багасгах талаар

Трамп, Европ дахь АНУ-ын холбоотнуудаас холдох боломжтойг хошигнон ярьж, тусгаарлах гадаад бодлогоо үргэлжлүүлэн сурталчилж байв. Тэрээр НАТО-гийн холбоотнууд тус байгууллагын батлан ​​хамгаалахын зардалд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхгүй бол, АНУ-ыг бүрэн эрхийнхээ хугацаанд эвсэлд байлгах амлалт өгөхөөс татгалзсан байна. Харин,"Украин, түүнийг албан тушаалаа авсны дараа, АНУ-аас авах тусламж нь багасна гэдэгт бэлэн байх ёстой юу?" гэсэн асуултад, Трамп "магадгүй, боломжтой" гэсэн хоёрдмол утгатай үгээр хариулжээ.

Трамп, ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хамгийн өндөр настай хүн болно. Тэрээр, "Би эрүүл мэндийн ямар нэг асуудалгүй учраас, эрүүл мэндийн дэвтрээ ил байлгана. Миний бодлоор, хүн бүр үүнийг хийх ёстой" гэж амлаж байв.

Трамп өмнө нь,эрүүл мэндийнхээ талаар хувийн эмч нарынхаа тайланг нийтэлж байсан боловч, эрүүл мэндийн бүртгэл, өвчний түүхээ нийтлээгүй юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.