Урд нь, янз бүрийн цаг үед хүмүүс өвчинтэй хэрхэн тэмцэж байсан болон вакциныг хэрхэн зохион бүтээсэн тухай, эрдэмтэд вакцин бүтээж чадсанаар дэлхийн олон зуун сая хүн аврагдсан талаар ВВС нийтлэв.
Салхин цэцэг
Салхин цэцэг өвчний эсрэг вакцинжуулалт нь, энэ салбарын хамгийн том түүхэн амжилт болсон юм. Зөвхөн 20-р зуунд л гэхэд, энэ өвчин 300 сая гаруй хүний аминд хүрсэн ажээ. Түүнээс өмнөх үеийн амиа алдагсдын тоог тоолох боломжгүй байдаг. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 30 орчим хувь нь бүх бие нь идээт буглаагаар бүрхэгдэн, маш их зовж нас бардаг. Харин үлдсэн хэсэг нь сохрох эсвэл насан туршдаа арьсан дээрээ аймшигтай сорвитой үлддэг байна.
Олон зууны турш хүмүүс, салхин цэцэг өвчнийг эмчлэх арга замыг эрэлхийлж ирсний үр дүн болон хүмүүсийн арга, туршлагууд дээр үндэслэн анхны вакцин бүтээгдсэн ажээ. Зохиомлоор үүсгэсэн өвчний хөнгөн хэлбэр нь, хүний дархлааг өсгөдөг гэсэн санааг Хятадаас гаралтай гэж үздэг. Эх сурвалжийн мэдээлснээр, 1000-д оны үед хятадууд салхин цэцэг өвчнөөр өвчилсөн хүмүүсийнхээ шархны тавыг нунтаглан хамраараа сордог, эсвэл салхин цэцэг өвчний идээнд дэвтээсэн хөвөнг чихэндээ хийж сэргийлдэг байжээ.
Харин Африкт,салхин цэцэгтэй хүний шархны идээ буглааг шингээсэн утастай зүүг арьсаараа нэвт хатган хамгаалдаг байжээ. 18-р зууны Их Британид хүн амын дунд салхин цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтыг нэрт язгууртан, сэхээтэн, хатагтай Мэри Монтегю, нөхөр нь элчин сайдаар ажиллаж байсан Туркэд харсан ардын аргыг идэвхтэй сурталчилж байсан боловч, ойролцоогоор гучин өвчтөн бүрийн нэг нь салхин цэцэг өвчнөөр хүндээр өвчилж, нас барж байсан тул найдвартайд тооцогдоогүй аж.
Харин, английн фермерүүд, үхрийн цэцэг авчин хүнд халдварладаг ч үхэлд хүргэдэггүйг анзаарсан яриан дээр үндэслэн, эмч Эдвард Женнер судалснаар, найдвартай, аюулгүй вакцин бүтээж,1796 оны 5-р сарын 14-нд, фермерийн хүү 8 настай Жеймс Фиппст хийсэн нь үр дүнтэй болсноор, хоёр жилийн дараа "Үхрийн цэцэг өвчний шалтгаан, үр дагаврыг судлах нь" хэмээх товхимлоо, Хатан хааны шинжлэх ухааны нийгэмлэг Женнерийн аргад итгхгүй байсан учираас, өөрийн зардлаар хэвлүүлж байв. Харин,Их Британийн арми, флотын цэргүүдийг салхин цэцэг өвчний эсрэг вакцинд албан журмаар хамруулахад, гаж нөлөө илрээгүй, бүгд зүгээр байсан нь эргэлзээг арилгажээ. Бараг зуу гаруй жилийн дараа эрдэмтэн Луи Пастер, Женнерийг хүндэтгэн, хиймэл дархлааны бүх эмийг, vache - "үхэр" гэсэн франц үгийг оруулан вакцин гэж нэрлэжээ.
Гэвч ядуу буурай орнуудад, салхин цэцэг өвчин 150 гаруй жил үргэлжилсээр байсан. 1967 онд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) зохион байгуулсан олон нийтийг хамруулсан вакцинжуулалтын тусламжтайгаар уг өвчнийг ялсан юм. Хүн амыг сүргийн дархлаатай болгоход 80% нь вакцинд хамрагдах ёстой гэж үздэг. Гэтэл, хэдэн тэрбум хүнийг вакцинжуулах бараг боломжгүй асуудал тулгарсан ч, үүнийг зорилтот дархлаажуулалтын тактикийн аргаар буюу өвчний голомтын хөрш зэргэлдээ тосгон, суурингуудын бүх оршин суугчдыг вакцинд хамруулах замаар шийдсэн байна. Жишээ нь,12 сая хүн амтай бүс нутагт ердөө 750 мянган вакцин хийснээр цэцэг өвчнийг устгах боломжтой болсон ажээ.
Одоогийн байдлаар салхин цэцэг өвчний амьд вирус дэлхий дээр зөвхөн Орос, АНУ гэсэн хоёр улсад өндөр хамгаалалттай лабораторид хадгалагдан үлджээ.
Полиомиелит
Энэ өвчин салхин цэцэг өвчнөөс хамаагүй цөөн хүний аминд хүрсэн боловч амьд үлдсэн хүмүүс нь маш их зовдог өвчин юм. Полиомиелит нь ихэвчлэн хүүхэд насанд халдварладаг. Уг вирус нь ам, хамраар орж, дараа нь цусаар мэдрэлийн системд нөлөөлдөг бөгөөд ихэнхдээ эдгэршгүй саажилт үүсгэн, ихэвчлэн хөл саажуулдаг боловч, арван өвчтөн тутмын нэг нь уушигны саажилтын улмаас амьсгал нь боогдон нас бардаг.Ийм өвчтөнүүдийн цорын ганц найдвар нь 1920-иод онд бүтээгдсэн "Төмөр уушиг" хэмээх тусгай хиймэл агааржуулалтын камер байдаг. Хүмүүс эдгээр камер дотор давтамжтай долоо хоног, заримдаа амьдралынхаа үлдсэн хугацааг өнгөрөөхөөс өөр аргагүй байдалд ордог байна.
Полиомиелит нь гадны шинж тэмдэггүй тул, түүний вирусын шинж чанарыг зөвхөн 1905 онд, Шведийн эмч Ивар Викман тогтоожээ.Тэр үед томоохон хотуудын ундны усны чанарыг сайжруулж эхэлснээр, полиомиелит өвчний нийт тохиолдлын тоо болон дархлаатай хүмүүсийн хувь буурсан байв. Тиймээс өвчний дэгдэлт илүү мэдэгдэхүйц болж ирсэн бөгөөд тухайн үед эрдэмтэд, эмч нар полиомиелитийг өндөр хөгжилтэй орнуудад тохиолддог гэж үздэг байв. Гэвч, энэ нь тийм биш байсан нь хожим тодорхой болсон ажээ. 1952 онд Америкийн эмч Йонас Салк, саагийн эсрэг вакциныг бүтээж, харин 1961 онд түүний хамтран зүтгэгч Альберт Сабин, тарилгын оронд залгих боломжтой сайжруулсан хувилбарыг гаргаснаар АНУ болон Европт өвчлөлийн түвшин эрс буурчээ.
Сонирхуулахад, вакцинжуулалтын түүхэнд гарсан хамгийн том алдаа, полиомиелитийн эсрэг вакцинжуулалттай холбоотой гарсан байдаг. 1955 онд Америкийн Cutter Laboratories компани, полиомиелитийн амьд вирус агуулсан нэг зуун мянга гаруй тун эмийг андуурч гаргаснаас болж, арван хүүхэд нас барж, 160 хүүхэд насан туршдаа саажилттай болсон гунигт тохиолдол гарсан ажээ.
1988 онд ДЭМБ, дэлхий даяар полиомиелитийг устгах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр, 1994 онд энэ өвчинийг АНУ-д, 2000 онд Хятад, Япон, Өмнөд Солонгост, 2002 онд Европт ялснаа зарласан. 2014 онд Зүүн Өмнөд Азийн орнууд бүгд нэгджээ. Мэргэжилтнүүдийн тооцоогоор, полиомиелитийн эсрэг вакцины ачаар дэлхийн нэг сая хагас хүн амьд үлдэж, 18 сая хүн явж чаддаг хэвээрээ үлдсэн байна. Одоо полиомиелит, зөвхөн Афганистан, Пакистан, Нигери улсад л ажиглагддаг. Жилд хэдэн арван тохиолдол бүртгэгддэг байна.
Улаанбурхан
Улаанбурхан өвчний эсрэг вакцин нь амжилт, бүтэлгүйтлийг зэрэг агуулсан жишээ юм.
Дэлхий нийтийг шуугиулсан Африкт гарсан эболагийн дэгдэлт 20 мянга орчим хүний аминд хүрсэн. Гэтэл, улаанбурхан өвчний эсрэг вакцин 1963 онд гарсан боловч, энэ өвчнөөр 207,5 мянган хүн чимээгүйхэн амиа алдсан юм. Улаанбурхан өвчний вирус нь өндөр халдвартай, ханиалгах, найтаах үеийн шүлсэн дуслаар дамжин халдварладаг. Өндөр халууруулж, тууралт үүсгэдэг бөгөөд амь насанд аюултай хүнд тохиолдолд, суулгалт, уушигны үрэвсэл, тархины мембраны үрэвсэл явагддаг.
Вакциныг зохион бүтээхээс өмнө улаанбурхан өвчний улмаас жилд дунджаар 2.6 сая хүн нас бардаг байжээ. Одоогоор энэ өвчнийг бүрэн ялж чадаагүй байгаа шалтгаан нь, халдварлах өндөр чадвартай нь холбоотой. Тиймээс, дэлхийн хүн амын 95 хувь нь вакцин хийлгэх шаардлагатай болдог. АНУ болон Европт, улаанбурхан өвчний өвчлөл сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээгээр өргөн тархсан “вакцинжуулалтын эсрэг” үзэл бодлоос болж дахин нэмэгдэж эхэлсэн бөгөөд энэ нь, 1998 онд улаанбурхан, гахайн хавдар, краснуха өвчнүүдийн эсрэг хавсарсан вакцин нь, хүүхдүүдэд аутизм үүсгэсэн гэх дуулиан шуугиантай өгүүлэл нийтлүүлсэн, Их Британийн эмч Эндрю Уэйкфилдтэй холбоотой юм. Хэдийгээр энэ нь хожим няцаагдаж, Уэйкфилд өөрөө докторын эрхээ хасуулсан ч, тэрээр хүмүүст эргэлзээ төрүүлж чадсан нь харамсмаар юм.
Өндөр хөгжилтэй орнуудад улаанбурханаар өвчилсөн хүмүүс харьцангуй ховор нас бардаг бол Африкт байдал улам дорддог. 2019 онд Конгод улаанбурхан өвчний дэгдэлт гарч долоон мянга гаруй хүн, голдуу хүүхэд нас барсан. Хөгжиж буй орнуудын энэ асуудал нь, вакцины талаархи буруу ойлголттой холбоотой биш, харин вакцин дутмаг, эмнэлгийн дэд бүтэц, ялангуяа алслагдсан газруудад дутагдалтай байдагтай холбоотой байдаг. Хөгжиж буй орнуудын улаанбурханы эсрэг вакцинжуулалтад зориулж нэмэлт санхүүжилт 255 сая ам.долларыг, НҮБ-ын гишүүн орнуудаас гаргуулах хүсэлтийг ДЭМБ гаргаад байна.
Хумхаа
Намгийн халуурал гэж нэрлэгддэг хумхаа өвчинийг, эрт дээр үеэс, маш удаан хугацаанд байсаар байгаа өвчин гэж үздэг. Өнөөдөр хүн төрөлхтний бараг тал хувь нь хумхаа өвчин тусах эрсдэлтэй бөгөөд жил бүр 400 мянган хүн энэ өвчнөөр нас барж байна. Түүнчлэн нас баралтын тал хувь нь Африкт тохиолддог. Энэ өвчин, хумхаагийн шумуулд хазуулсан үед хүний цусанд ордог нэг эст шимэгч бактери болох Plasmodium falciparum-аар үүсгэгддэг. Хумхаа өвчинтэй тэмцэх гол арга зам бол шумуул үрждэг намагуудыг хатаах, шумуулын тор ашиглах, өвчнийг эрт үед нь дарах эм хэрэглэх юм. Гэвч, энэ бактери тэдгээрт тэсвэртэй болж эхэлснийг нотлох баримт, тохиолдлууд бүртгэгдсээр байна.
Хэдийгээр эрдэмтэд 32 жил ажиллаж, нийт 700 сая доллар зарцуулсан боловч, хумхаа өвчний эсрэг вакцин хараахан бүтээгдээгүй байгаа юм. Цорын ганцад тооцогдох туршилт, Гана, Малави, Кени улсад явагдаж байгаа бөгөөд 2023 онд дуусна. Одоогийн мэдээллээр, хумхаа өвчнөөс хамгаалах үзүүлэлт дунджаар 40%, дөрвөн жилээс илүүгүй хугацаанд үйлчилдэг, нэг дор нэг, хоёр биш, харин дөрвөн вакцин хийлгэх шаардлагатай байдаг зэрэг нь, бусад өвчний эсрэг вакцинтай харьцуулахад маш сул үр дүнтэй байгаа юм. Туршилтын авторууд хэдийгээр өөдрөг үзэлтэй байгаа ч, энэ вакцин нь хумхаа өвчнийг эмчлэх эм болж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн байна.