Ядуу зүдүү байдал нь, эд мөнгөний хомсдолоор тодорхойлогдохын зэрэгцээ, тархины үйл ажиллагаатай холбоотой болох нь шинжлэх ухааны судалгаагаар нотлогдсон бөгөөд асуудлыг шийдвэрлэх, зорилго тавих, даалгавраа дуусгах үүрэгтэй урд хэсэг нь, санхүүгийн асуудлын үеэр стресс, сөрөг сэтгэл хөдлөлд байнга өртдөгөөс хэт ачаалалд орж, асуудлыг шийдвэрлэх, зорилго тавих, ажил хийх, ажлыгдуусгах чадвараа аажмаар алддаг гэж The Atlantic бичжээ.
Ийм асуудалтай хүмүүст, зорилгодоо амжилттай хүрэхэд нь гадны тусламж хэрэгтэй байдаг нь харагдсан бөгөөд Бостонд төвтэй ашгийн бус EMPath нь, амьдралын хүнд нөхцөлд байгаа хүмүүс болон гэр бүлүүдэд бэрхшээлийг даван туулах боломжийг олгодог бүхэл бүтэн хөтөлбөрийг боловсруулаад байна.
Хүний тархины духны хэсэгт байрлах тархины урд хэсэг, асуудлыг шийдвэрлэх, зорилго тавих, даалгаврыг дуусгах үүрэгтэй бөгөөд тархины төвд ойр байрлах лимбийн системтэй хамтран ажилладаг. Лимбик систем нь, сэтгэл хөдлөлийг боловсруулж, удаан хугацааны санах ойд хэсэгчлэн хадгалагдсан сэтгэл хөдлөлийн хариу урвалыг бий болгодог. Хэд хэдэн судалгаагаар, хүн ядуу амьдарч байх үед лимбийн систем нь урд талын бор гадаргад айдас, стрессийн мессежийг байнга илгээдгээс хэт ачаалагдаж, асуудлыг шийдвэрлэх, зорилго тавих, даалгавраа үр дүнтэйгээр гүйцэтгэх чадварыг үндсэндээ устгадаг байна.
Economic Mobility Pathways буюу EMPath нь, насанд хүрэгчдийг удаан хугацаанд сургасны үр дүнд хүүхдүүдэд гарч буй эерэг өөрчилөлтийг олж харснаар, хүүхдүүдийг загварынхаа төвд тавьж, тархины судалгаагаар ядуурлаас гарах замыг санал болгох, шинжлэх ухааны нотолгоог загварчилсан байна.
EMPath-ын ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Элизабет Бэбкок, “Ядуу амьдарч буй хүмүүсийн стресс нь, буруу шийдвэр гаргахад хүргэж, асуудлуудаа улам хурцатган, амьдралаа сайжруулж чадахгүй нь гэсэн санаагаа улам бататгадаг гаж мөчлөгт гацсан байдаг. Бид хүмүүст, аливаа алхамыг хийснээр, төсөөлөөгүй зүйлдээ хүрч чадна гэдгээ мэдэж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь нэмэгдэх эерэг мөчлөгийг бий болгохыг хичээж байна" гэжээ.
EMPath-тай нягт хамтран ажилладаг Харвардын Их Сургуулийн Хүүхдийн төвийн дэд захирал Аль Расех, “Ядуурлаас үүдэлтэй байнгын стресс нь хүний тархийг өөрчилдөг. Ялангуяа ядуу орчинд өссөн хүүхдүүд хоёр дахин их, илүү зовж шаналдаг. Гэхдээ, энэ тархины хэсгүүд нь "уян хатан" чанартай учираас, насанд хүрсэн хойноо сайжруулах, хүчирхэгжих боломжтой гэсэн үг юм” гэж бичжээ.
Интерген гэгддэг EMPath Үе хоорондын Хөдөлгөөний Төсөл нь, хүмүүс хамтын болон хувь хүний амьдралаа хэрхэн төсөөлж байгааг тодорхойлоход ихээхэн анхаарч ажилладаг. Интерген Менторууд нь, оролцогч гэр бүлүүдэд зочилж, насанд хүрэгчид болон хүүхдүүдэд нөхцөл байдал болон бусад чухал хүчин зүйлсийг харгалзаа болон ирээдүйн талаар шийдвэр гаргахад нь тусалдаг. Тэдний зорилго бол гэр бүлийн насанд хүрсэн хүмүүст өөрсдийгөө болон хүүхдүүддээ зөвлөгч болоход нь туслах явдал юм.
Интерген төсөлд нэг жилээс дээш хугацаанд хамрагдсан гэр бүлүүдийн хүүхдүүдийн 86 хувийнх нь идэвхи, бүтээлч байдал нь өсч, гэр бүлүүдийн 86% нь ажил хэрэг нь харьцангуй эмх цэгцтэй болсон байна. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь, эдгээр хүмүүст өөрчлөлт хийх боломж, өөрсдөд нь байгаа гэдгийг ойлгох боломжийг олгоход оршдог байна.